Friday, December 14, 2018

Boulogne-Billancourt, France

Франц Улс дахь Монголын ЭСЯ Булонь-Биянкур хотын захиргаатай хамтран 12 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Консерваторийн багш С.Одгэрэлийн төгөлдөр хуурын тоглолтыг Булонь-Биянкур хотын соёлын төвд амжилттай зохион байгууллаа. Тоглолтыг Булонь-Биянкур хотын захиргаа, хотын зөвлөлийн гишүүд, Франц Улсад суугаа Элчин сайд нар, Францын төрийн байгууллагуудын болон бизнесийн төлөөлөл, Монгол судлаачид, Булонь-Биянкур хотын оршин суугчид зэрэг 400 орчим үзэгч ирж сонирхов. Арга хэмжээг Элчин сайд А.Баттөр нээж үг хэлэв.
Тоглолтын хөтөлбөрт дэлхийн сонгодог бүтээлүүд болон Монголын хөгжмийн зохиолчдын уран бүтээлүүдээс оруулж төгөлдөр хуур, морин хуур, хийл, виолончель хөгжмийн хосолсон тоглолтыг толилуулав. Монголын сонгодог урлагийн хөгжил, монгол аялгүйн өвөрмөц байдлыг үзүүлсэн энэхүү тоглолт францын үзэгчдэд Монгол Улсыг шинэ өнцгөөс нээж  харуулсан арга хэмжээ болж чадсан юм.
Тоглолтын дараагаар төгөлдөр хуурын тоглолтыг үзсэн хүндэт зочдод зориулан 400 хүний хүлээн авалт хийж, монгол хоолоор дайллаа.

fb.com:
Франц Улс дахь Монголын ЭСЯ төгөлдөр хуурч С.Одгэрэлийн концертийг Булонь-Биянкур хотын захиргаатай хамтран 12 дугаар сарын 13-ны өдөр Булонь-Биянкур хотын соёлын төвд зохион байгууллаа. Тоглолтыг элчин сайд А.Баттөр францаар үг хэлж нээсэн юм. Монгол орныг гадаадуудын тогтсон нийтлэг ойлголт болох хөдөө нутаг, ардын дуу хөгжим гэхээс илүүтэйгээр өөр өнцгөөс харуулсан өнөөгийн монголын залуу хөгжимчдийн ур чадвар монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг харуулахад элчин сайд А.Баттөр анхаарлаа хандуулжээ. Өөрөө мөн үүнийг батлан ярьсан юм. Дээрээс нь зардал багатайгаар гэхдээ Монголын хөгжмийн урлагийн хөгжлийг харуулж чадахуйц маш чанартай тоглолтыг бид Европоор хийж болох юм гэж тэрээр ярьлаа. Энэхүү тоглолтонд Монголоос С.Одгэрэл ирээд харин Францад сурч байгаа залуу хөгжимчид тоглолтонд хамтран тоглосон юм.
С.Одгэрэлтэй тоглолтын дараа ярилцахад:
- Энэ удаа илүү их өгүүлэмжтэй, техник шаардсан дан хөгжмийн мэргэшсэн зохиолууд хөтөлбөртөө оруулсан. Нэгдүгээр онцлог нь би өөрөө голчлон соло тоглосон, хоёрдугаарт цөөхүүл хөгжмийн тоглолт боллоо. Бид Парист ирээд харьцангуй бага хугацаанд хамтарч тоглосон гэхэд амжилттай болоод сэтгэл өндөр байна. Хөтөлбөрийн хувьд эхний хэсэг сонгодог дараагийн хэсэгт монгол хөгжмийн бүтээлүүд оруулсан. Тоглолтын дараа хүмүүстэй ярихад европ зохиолыг монгол хүний эрч хүчээр яаж тоглож байна гэсэн нүдээр харж байна гэж хэлж байна. Төгөлдөр хуур, хийл, виолончель дээр тоглодог ур чадварыг бүрэн илэрхийлэх монгол зохиолууд ховор байдаг. Гэхдээ морин хуурт их гоё концертууд бичигдсэн байдаг. Түрүү жил та Берлинд Хангалыг сонссон. Гэхдээ бичигдээд бараг хориод жил болсон. Өнөөдөр Өлзийбаярын нэгдүгээр концертыг тоглолоо. Энэ зохиол нь маш сайн бичигдсэн зохиол. Өлзийбаяр зохиолчийн бичсэн морин хуурын 1,2,3р концерт нь үнэхээр гайхалтай. Түүний зохиолуудад хэтэрхий хөдөөлөг биш Монголыг илэрхийлэх онцлог нь орж чадсан болон мэргэжлийн түвшинд бичиж чадсан болохоор европчуудад их хүрнэ. Мөн, ур чадвар харуулсан хэсэг байна, монгол элемент нь байна, орчин үеийн юм байна гээд маш зөв цохцлоосон байдаг. Морин хуур бол мэргэжлийн түвшинд маш сайн хөгжиж байгаа.Морин хуур нь хөгжмийн хувьд хийл шиг олон зуун жил болсон биш ч бага зэргийн эволюц /хөгжил/ явагдаж байгаа. Эволюц явагдах гол процесс нь хөгжмийн зохиолууд байдаг. Зохиолууд энэ хөгжмийг улам сайжруулж байдаг, сайн хөгжимчид энэ хөгжмийг улам гоё талыг харуулах боломжийг олгож байдаг. Тийм ч учраас үүнд Өлзийбаярын 1,2,3 р концертууд гол үүрэгтэй. Өнөөдрийн тоглосон нэгдүгээр концерт нь арай цомхон хэсэг нь. 2р хэсэг нь техникээр зодсон хэрнээ маш гоё зэвүүн одоо ингээд ярихад л миний шар үс босч байна шүү дээ /инээв/. 3р концерт нь үнэхээр уйлмаар гоё аялгуутай. Тоглож байхад их гоё нарийн мэдрэмж өгдөг. Морин хуурчаас маш өндөр ур чадвар шаарддаг. Хамт тоглож байгаа төгөлдөр хуурч нь оркестрын үүрэг гүйцэтгэдэг учир маш таашаалтай байдаг. Гадныханд бүрэн хүрч чадах зохиолууд. Ер нь бол бид гадаадад заавал том зааланд тоглох гээд зүтгээд байх хэрэггүй. Харин зорилтод үзэгчдэд буюу хөгжмийг шүүж сонсдог хүмүүст зориулаад тогловол монголын нэр хүндийг өөр түвшинд хүргэнэ. Бусад орны элчин сайдын яамдууд мөнгөөр зодоод урлаг соёлоо хахтал нь сурталчилж чаддаг. Ер нь улс орнууд сонгодог урлагийн түвшингээрээ өрсөлддөг. Тиймээс би энэ боломжийг ашиглаад хэлэхэд “Манайд бас оюуны бүтээлүүд байдаг, академик боловсрол байдаг гэдгийг сонгодог урлагаар дамжуулан харуулах ёстойг ойлгосон анхны элчин сайдын яам байгаад үнэхээрийн их талархмаар байна.” ЭСЯ -аас энэ концертыг зохион байгуулж байгаа гол зорилго энэ юм гэж ярьлаа.
Тоглолтонд Н.Цэнгүүнхишиг төгөлдөр хуур, Н.Цэлмэгхишиг хийл, Г.Чингүүн виолончель, Д.Далайжаргал морин хуур хөгжимдөж оролцон тоглолтыг чимж байв. Тэд маш их хичээн тоглож байсан учир нь Монгол Улсаа сурталчлахад нь тэдний хувьд нэр төрийн хэрэг байлаа гэж ярьцгааж байсан юм. Эдгээр залуучууд маань үнэхээрийн нүд дүүрэн нүүр дүүрэн гэрэл татсан ирээдүйдээ мөрөөдлөөр дүүрэн урам зоригоор ханхалсан залуучууд байсан шүү. ХБК ноднин төгссөн Морин хуурч Далайжаргал “Эгчээ би одоо франц хэлээ сурч байгаад дараа нь морин хуураа олон улсын түвшинд гарахад нь хувь нэмрээ оруулах болно” гэсэн юм.





Булонь-Биянкурын хөгжмийн консерваторьд 2 дахь жилдээ сурч байгаа Г.Чингүүн ярихдаа:
- Францад ирээд сурч байгаадаа их баяртай байгаа. Энд миний сайн явж байгаа нь Монгол улсын консерваторын Дуламсүрэн багшын минь гавьяа гэж боддог. Энэ концерт миний хувьд маш чухал байсан. Өмнө нь өөр тоглолтуудад орж байсан. Гэхдээ Монгол улсаа сурталчилсан ийм концертод орж байгаагүй. Тиймээс Дуламсүрэн багштайгаа холбогдоод зөвлөлгөө авсан. Эхний тоглосон Шуманыг (Adagio Allegro op.70) багшдаа тоглож үзүүлээд тоглохоор болсон. Энэ ая маш их зүйл өгүүлдэг. Шуман бол характер маш их сольдог. Нэг өгүүлбэр хэзээ ч урт байна гэсэн ойлголт байдаггүй. Ганц нотон дээр ч гэсэн нэг бүхэл бүтэн өгүүлбэр явж байдаг онцлогтой зохиолч. Франц багш болон Одгэрэл багштай сүүлийн гурав хоног өдөр болгон давтаад энэ хөгжмийн талаар нэлээд ойлголттой болсон. Энэ ая нь нэгдүгээр хэсэгтээ их тайван хоёрдугаар хэсэгтээ хурдан хэмнэл акценттай орж ирж хүмүүсийг цочирдуулсан ая, гуравдугаар хэсэгтээ тайван хэсэг нь орж ирээд, дөрөвдүгээр хэсэгтээ цоглог хэсгээр дуусгадаг ая. Энэ нь хүмүүст их хүрдэг мөн өөрийхөө мэргэжлийн ур чадварыг харуулах боломжтой зохиол юм.
C.Одгэрэл Г.Чингүүтэй хамтран ажилласан тухайгаа
- Залуу хөгжимчидтэйгөө 3 хоног хамтарч тоглоход надад үнэхээр сайхан байлаа. Чингүүн их сэргэлэн, илэрхийлэл сайтай, хурдтай, хөгжимдөө хайртай. Бид хоёр сургууль дээр нь очиж давтаж байсан. Энэ хугацаанд Парисын консерваторын амьдрал дунд ороод кофегоо хувааж уугаад л бэлтгэлээ хийж байв. Энэ хооронд Парисын консарватурын орчин, систем, багш нар, түвшин гээд бүгдийг харах боломж олдсон шүү. Чингүүн Парист ирэхээсээ өмнө энд уралдаанд оролцоод гранпри авч байсан мөн монголдоо олон тэмцээнүүдэд оролцож байсан. Ер нь бол тайзнаас айдаггүй тайзан дээр гарахаараа илүү их ургадаг хүүхэд байна. Тийм болохоор хамтарч тоглоход урамтай байсан. Одоо хэлний бэрхшээлээ даваад олон найз нөхөдтэй болоод учраа олоод ид бужигнуулдаг эхлэл дээрээ явж байна гэж ярьсан юм.
Тоглолтыг үзээд өнгөрөх нэг өөр харин тоглолтын дараа оролцсон уран бүтээлчидтэй ярилцах нь тэдний хөгжмийн ертөнц рүү орох бага ч гэсэн боломж мөн тэдний хүсэл мөрөөдлийг сонсох их сайхан мөч байдаг.
Тоглолтыг Булонь-Биянкур хотын захиргаа, хотын зөвлөлийн гишүүд, Франц Улсад суугаа Элчин сайд нар, Францын төрийн байгууллагуудын болон бизнесийн төлөөлөл, Монгол судлаачид, Булонь-Биянкур хотын оршин суугчид зэрэг 400 орчим үзэгч ирж сонирхов. Тоглолтын дараа хүндэт зочдод зориулан хүлээн авалт хийж, монгол хоолоор дайллаа.
Мэдээллийн эх сурвалж : Монгол Улсын Соёлын Элч Ц.Гэрлээ

No comments:

Post a Comment