Ардын дууны хэв маягаар бичсэн учраас хүмүүс “Хүрээний хөөрхөн Дэнсээ юү” дууг ардын дуу мэт хүлээж авдаг. Энэ дууны шүлгийг яруу найрагч Д.Баасанжав 1960 оны эхээр бичжээ. Тухайн үед түүний уран бүтээлийг үзэл сурталд таарахгүй хэмээн хэвлэдэггүй байсан учраас энэ дууны үг 30 гаруй жил тоосонд дарагдан шүүгээний мухарт хэвтэж, цагийн салхи уяссан хойно буюу 1994 оны сүүлчээр дуу болон олны хүртээл болсон юм.
Д.Баасанжав гуай “Би Урт цагааны Шар дэлгүүрт эрүүл ахуйн байцаагчаар ажиллаж байлаа. Нэг өдөр доктор Х.Шагдар морин хуур үүр сэн за луу дагуулан ирж, энэ хүүд дуу болчихоор шүлэг байвал үзүүлээдэх гэлээ. Дуу болгохсон гэж бодож явсан ганц хоёр шүлгээ үзүүлтэл “Жийжүү хот” ардын дуу ны домгоос сэдэвлэн бичсэн “Хүрээний хөөрхөн Дэнсээ юү” шүлгийг минь аваад явсан” хэмээн дурссан. Д.Баасанжав энэ дуугаа Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу буюу одоогийн Архангай аймгийн Тариат сумын Гэсэр сүмийн оёдолчин Дэнсээцогзол, Гэсэр сүмийн тахилч асман лам Түндэв нарын хайр сэтгэлийн дуу “Жийжүү хот”-ын домгоос санаа авч бичсэн аж. Шүлгэнд ая хийхээр аваад явсан морин хуур үүрсэн залуу нь тухайн үед СУИС-ийн оюутан, өдгөө Монгол Улсын Консерваторийн захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Цогбадрахын ПҮРЭВХҮҮ байжээ.
Үг, ая хоёр нийлснээр дууны даль ургав. Гэхдээ дуучнаа ололгүй нэлээд удаж, хэд хэдэн дуучны гар дамжсан байдаг. Энэ дууг хүмүүсийн сэтгэлд хүргэж амьдруулсан дуучин бол Х.Үнэнхүү. Тэрбээр “1994-1995 оны зааг, шинэ жилийн үеэр дээд курсийн оюутан Ц.Пүрэвхүү ийм нэг дуу байна, чи дуулаач гээд надад сонсгосон юм. Анх сонсоход удаан хэмнэлтэй, миний хоолойд тохирохгүй санагдахаар нь Д.Жамьянжав багшид өгсөн нь дээр байх гэж билээ. Тэгээд “Хүрээний хөөрхөн Дэнсээ юү”-г анх СУИС-ийн оюутан Цогзолмаа, дараа нь О.Ичинхорлоо багш дуулсан. Үүний дараа би төгсөлтийн тайлан тоглолтдоо дуулсан ч олны хүртээл болоогүй. Жил гаруйн дараа, 1996 оны цагаан сарын үеэр Монголын үндэсний телевизийн “Хүрээ танил” зохиомжит нэвтрүүлэгт дуулснаар хүмүүст хүрч, хит болсон доо. Энэ сайхан дууг дуулснаа аз гэж боддог” хэмээсэн.
Хүрээний хөөрхөн Дэнсээ юүҮг: Д.Баасанжав Ая: Ц:Пүрэвхүү
Зуун уулын цэцэгс нь
Алаглаад байна уу даа
Зүүн хүрээний Дэнсээ юү
Бодогдоод байна уу даа
Дахилт: Ай хө Дэнсээ юү
Хүүгээ бодохоороо
Аагтай шаргал цай минь
Амт нь үгүй санагдана даа
Холын цэнхэр уулс нь
Салхиар надтай ханьсаа юу
Хонгор жаахан Дэнсээ юү
Шанзаар дуудаад байна уу даа
Дахилт
Булган нударга цантуулдаг нь
Туулын минь жавар уу даа
Булгилах зүрхийг дэнслүүлдэг нь
Дэнсээ юүгийн хайр уу даа
Дахилт
мэдээллийн эх сурвалж : Х.УЯНГА 30 ЖИЛ ШҮҮГЭЭНД ХЭВТСЭН ШҮЛЭГ
No comments:
Post a Comment