Tuesday, June 25, 2019

Төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ

Монгол Улсын Консерваторийн багш Төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ дэлхийн хөгжмийн томоохон уралдаан болох П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн их наадмаас "Шилдэг концертмэйстр" хэмээх түүхэн шагналыг Монголоос анх удаа хүртлээ.
Монгол улсын консерваторийн багш, төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ энэхүү шагналыг хүртснээрээ Монголын мэргэжлийн хөгжмийн салбарыг тэр дундаа манай улсын төгөлдөр хуурчдын ур чадварыг дэлхийн давцанд хүргэн таниулж буй гэдгээрээ хамгийн их ач холбогдолтой юм.

Одоогоос хэдхэн жилийн өмнө МУГЖ Г.Ариунбаатар энэхүү уралдааны дууны төрөлд түрүүлж Монголын дуурийн урлагийг дэлхийд таниулж байсан бол төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ "Шилдэг концертмэйстр" шагналыг хүртснээрээ Монголын мэргэжлийн хөгжмийн салбарыг дэлхийд ийнхүү таниулж байна.
П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаан энэ цаг мөчид үргэлжилж байгаа бөгөөд Б.Бат-Эрдэнэ финалын 3-р шатандаа энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж дэлхийн шилдэг төгөлдөр хуурч гэдгээ эх орныхоо нэрийн хамт олон улсад тунхаглан зарлалаа.
Уралдаан тун удахгүй дуусч дэлхийн шилдгүүдийн хамт Б.Бат-Эрдэнэ шагналаа гардан авах болно.
Үүнээс гадна Б.Бат-Эрдэнэ 2014 онд Ф.Шопений нэрэмжит мэргэжлийн төгөлдөр хуурчдын олон улсын А зэрэглэлийн уралдаанд Монголоос анх удаагаа тэнцэж дэлхийн шилдэг төгөлдөр хуурчидтай нэгэн тайзнаа тоглож эх орныхоо нэрийг дэлхийд таниулж байсан шинэ цагийн шилэгдмэл төгөлдөр хуурч бөгөөд ирээдүйд Монголын мэргэжлийн урлагийн шинэ үеийг сурган хүмүүжүүлэх дэлхийн хэмжээний хөгжимчин, мэргэжилтэн, багш яахын аргагүй мөн юм.
Мөн дэлхийн хөгжмийн хамгийн нэр хүндтэй KAWAI компани 2017 онд Монголын сонгодог хөгжмийн уран бүтээлчдээс Монголыг олон улсад сурталчилах уран бүтээлчээрээ Б.Бат-Эрдэнийг сонгон авч байсан билээ.  
 Төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнийн тодорхойлолт: 
Батбилэгийн Бат-Эрдэнэ нь 1997 онд Хөгжим Бүжгийн коллежид элсэн орж Д.Чимгээ багшийн удирдлаган дор төгөлдөр хуурын мэргэжлээр суралцсан ба 2008-2010 онд Итали улсын Дуино хот дахь Дэлхийн Нэгдсэн Коллежид суралцаад 2010 онд Италийн Триэстэ хотын У.Тартинигийн нэрэмжит Хөгжмийн Их сургуульд маэстро Игор Когнолатогийн ангид элсэн суралцаж 2013 оны 10 дугаар сард бакалаврын зэргээ 110-с 108 оноотой дүүргэж амжилттай төгсжээ. Мөн тус ондоо Италийн Удинэ хотын Ж.Томадинийн нэрэмжит Хөгжмийн Их сургуульд Master degree specialist (Магистрын зэрэг)-т Профессор Массимиллиано Фэррати-гийн удирдлаган дор суралцсан байна. Суралцаж байх хугацаандаа тэрээр Европ дахь хөгжмийн олон концерт болон урлагийн наадамд оролцохын зэрэгцээ дэлхийд алдарт Профессоруудын мастер хичээлүүдээс суралцсан.
Б.Бат-Эрдэнэ нь Хөгжим Бүжгийн Коллежд сурч байх үеэсээ эхлэн өдгөө хүртэл төгөлдөр хуурын дотоод болон гадаад улс оронд зохиогддог төгөлдөр хуурчдын нэр хүндтэй уралдаан тэмцээнүүдэд тэргүүн болон дэд байруудыг эзэлж Монгол улсынхаа нэр хүндийг өндөрт өргөсөөр ирсэн.
Төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ нь 2015 оноос эхлэн Хөгжим Бүжгийн Коллеж, Монгол Улсын Консерваторид багшаар ажиллаж байна.
Зөвхөн 2017 оноос хойш гаргасан түүний уран бүтээл, амжилтуудаас дурдвал:
  • Б.Шаравын нэрэмжит Олон Улсын уралдааны шилдэг төгөлдөр хуурч шагнал
  • Ж.Чулууны нэрэмжит олон улсын өсвөрийн хөгжимчдийн уралдаанд 11-р ангийн сурагч Э.Энгүүний хамт 1-р байр.
  • ОХУ-ын Санкт Петербург хотноо болсон Елена Образцовагийн нэрэмжит ОУ-ын Дуурийн дуучдын уралдаанд дуучин Э.Анхбаяртай оролцон 2-р байр.
  • Монгол Улсын Филармонийн концертын танхимд бие даасан “Preciptato” концерт • Хөгжим Бүжгийн Коллежийн концертын танхимд “Recital” концерт
  • ОХУ-ын Улан-Удэ хотын Филармонийн танхимд бие даасан гоцлол концерт
  • Монгол Улсын Филармонийн концертын танхимд фагот хөгжимчин Б.Зандан-Оргилтой хамтарсан концерт
  • Монгол Улсын Филармонийн концертын танхимд кларинет хөгжимчин Д.Дармаатай хамтарсан концерт
  • Монгол Улсын Филармонийн концертын танхимд мэргэжлийн төгөлдөр хуурчидтай хамтран “Яруу дуурьсал” концерт
  • С.Сансаргэрэлтэх “Гүнжийн бүжиг” хийл, төгөлдөр хуур, цохиворт зориулсан концерт
  • А.Скрябин Этюд №12
  • Японы Токио хотноо болсон “JAPAN OPEN PIANO” Олон Улсын “А” зэрэглэлийн төгөлдөр хуурчдын уралдаанд оролцож 4-р байр эзэлж Мальтын Олон Улсын төгөлдөр хуурчдын уралдаанд оролцох эрхээр шагнагдсан.
  • 2017 оныхоо шилдэг уран бүтээлүүдээрээ CD болон DVD гаргасан.
  • 2018 оны 4 сард Малта аралд болсон Олон улсын Төгөлдөр хуурчдын уралдааны эцсийн шатанд үлдсэн цөөхөн төгөлдөр хуурчдын нэг болсон.
  • 2017 оны 11 сар 11-нд Монгол Улсын Консерваторийн захиргаанаас “Тэргүүний залуу багш” өргөмжлөл
  • 2017 оны 11 сарын Монгол Улсын Консерваторийн 80 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалт дээр “Монголын Залуучуудын Холбоо”-ноос олгодог “Тэргүүний залуу багш” цол тэмдэг
  • 2017 оны 12 сард Боловсрол, Соёл Шинжлэх Ухааны Яам, Засгийн Газраас жил бүр зохион байгуулдаг “Мөнгөн Мод-2017” “Оны Шилдэг Хөгжимчин”
  • 2018 оны 11 сард “Алтан Намар-2018” хөгжмийн их наадмаас “Шилдэг бүтээл”, хөгжмийн зохиолч Ш. Өлзийбаярын I концерт, төгөлдөр хуур ба оркестр-т зориулсан бүтээл зэргийг тус тус хүртээд байна.

Төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ нь Монгол Улсын Консерваторийн багш төдий бус монголын сонгодог хөгжмийн, ялангуяа орчин цагийн монголын төгөлдөр хуурын урлагийг олон улсын хэмжээнд зарлан тунхаглаж байгаа гарамгай, чадварлаг(виртуоз) төгөлдөр хуурч мөн болно. Түүний уран бүтээлч идэвхи зүтгэл нь нэгэн үеийн хөгжимчид төдийгүй ирээдүйн хөгжимчид болох оюутан сурагчидад сайнаар нөлөөлж байдаг юм.

No comments:

Post a Comment