XX зууны нэрт морин хуурч Пүлжингийн Буянгийн
мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг түүний үр
хүүхдүүд болон шавь нар нь Монгол Улсын Консерваторитой хамтран 2019 оны 11 сарын 15 ны өдөр тус сургуулийн
номын санд зохион байгуулав. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд түүний шавь
Г.Аюурзана /Эрдэнэт хот/ “XX зууны
нэрт хуурч П.Буянгийн амьдрал, түүхэн замнал”,
М.Ганболд /Консерваторийн багш/ “Морин хуурын
сургалт арга зүйн тухайд (П.Буян, Г.Жамъян нарын харьцуулалт),
П.Мөнгөнцэцэг /Консерваторийн
багш/ “Морин хуурч П.Буянгийн уламжлалт арга барилаар хөгжимдөхүйн онцлог”,
‘Ж.Цэнгэлмаа /СУИС-ийн багш/ “Нэрт хөгжимчин
П.Буянгийн ардын дуу хуучирдах арга барил” зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүллээ.
Эрдэм шинжилгээний хурлын үеэр
Консерваторийн захирал МУУГЗ Ц.Пүрэвхүү:
“П.Буян багш бол Манай Консерваторийн
алтан үеийн багш нарын нэг билээ. Өнөөдрийн энэхүү үйл ажиллагаанд түүний үе үеийн шавь нарын төлөөлөл хүрэлцэн
ирсэн байгаад талархалтай байна. П.Буян багшийн шавь нар үндэсний урлагийг
хөгжүүлэхэд манлайлан оролцож, үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн билээ. Энэ цаг
үед ч морин хуур, хуучир хөгжмийг түгээн дэлгэрүүлэх, сурган уламжлуулах их
үйлсэд шавь нар нь оройлон оролцож яваа
нь мөн л П.Буян багшийн үндэсний урлагийг
хөгжүүлэх, өвлүүлэх тал дээр баримталсан багш хүний холыг харсан ухаан байжээ”
хэмээн онцлон хэлсэн бол түүний хүү Б.Цогтбаяр бидэнд өгсөн ярилцлагадаа “Монголын радиогийн алтан фондоос аавынхаа
морин хуур, хуучир хөгжмийн аяуудыг хуулбарлан авч CD болгон хэвлүүлсэн байсан юм түүнийгээ өнөөдөр
эрдэм шинжилгээний хуралд оролцсон бүх илтгэгч шавь нарт нь бэлэг болгон
гардууллаа. Бид он гаргаад аавынхаа нэрэмжит морин хуур, хуучир хөгжмийн улсын
хэмжээний томоохон уралдааныг зохион байгуулахаар бэлтгэж байна. Одоогоор
сонирхогч, мэргэжлийн гэж ангилсан зүйл байхгүй бүх насныхныг хамруулсан
уралдаан хийе гэж төлөвлөж байгаа учраас их том уралдаан болох байх аа гэж харж
байна” хэмээлээ.
No comments:
Post a Comment