Энэ Их наадмын хүрээнд Монгол Улсын Консерваторид Ази, Номхон далайн бүс нутгийн Соёлын биет бус өвийн олон улсын мэдээлэл, сүлжээний төв (ICHCAP)-ийн Ерөнхий захирал ноён Квон Хо тэргүүтэй төлөөлөгчид ирж үйл ажиллагаатай танилцав.
Төлөөлөгчидөд Монгол Улсын Консерваторийн багш сурагчид Соёлын биет бус өвийг хамгаалж байгаа уран бүтээлээсээ сонирхуулав.
Мөн Соёлын биет бус өвийг хамгаалах талаар хийгдсэн Казакстан, Киргистан улсын уран бүтээлчдийн киног толилуулав.
Төв Азийн улсууд эртнээс нааш нүүдлийн соёлыг бүтээн хөгжүүлж, өөрсдийн онцлогтой СББӨ-ийн арвин их төрөл зүйлийг өвлөн уламжилж өнөөг хүрчээ.
Монгол дахь ЮНЕСКО-ийн Батламжит ТББ - Байгаль, Соёлын Өвийг хамгаалах Сан нь СББӨ-ийг хамгаалах ЮНЕСКО-ийн Ази, Номхон далайн бүсийн төв /ICHCAP/-ийн тусламжтай Төв Азийн 5 орны (Монгол, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан) СББӨ-ийн төрөл зүйлээр баримтат кино, гэрэл зургийн үзэсгэлэнг олон түмний хүртээл болгож байна.
Их наадмын тухай
- СББӨ-ийг хамгаалах ЮНЕСКО-ийн Ази, Номхон далайн бүсийн төв /ICHCAP/ 2010 оноос эхлэн Төв Азид хамтын ажиллагааны хэлхээ холбоо, сүлжээг бэхжүүлэх үүднээс дэд бүсийн уулзалтыг жил бүр зохион байгуулж ирсэн болно. 2015 оны 6 дугаар уулзалтын үеэр “Төв Азид СББӨ-ийн талаар олон түмний мэдлэг ойлголтыг дээшлүүлэх нь” сэдэвт хамтын ажиллагааны 3 жилийн төслийг батлан хэрэгжүүлж эхэлсэн юм.
- 2015 оны хоёрдугаар хагасаас 2017 оны нэгдүгээр хагас хүртэлх хугацаанд (ICHCAP) СББӨ-ийн видео кино бүтээх төслийг Монгол, Казахстан, Узбекистан, Киргиз, Тажикистан улсуудтай хамтран хэрэгжүүлж, улс тус бүрээс 10 кино нийт 50 видео баримтат кино, мөн 100 фото зургийн сан бүрдүүлж чадсан билээ.
- Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо 2017 оны 7-р сард болсон Төв Азийн дэд бүсийн 8 дугаар Уулзалтын үеэр ICHCAP Төв Азийн СББӨ-ийн кино Их наадам зохион байгуулсан юм.
- Мөн ICHCAP БНСУ-ын Жонжу хотод 2017 оны 9-р сард болсон СББӨ-ийн Олон улсын кино наадмын үеэр Төв Азийн СББӨ-ийн тусгай үзэсгэлэн гаргаж дэмжлэг үзүүлэв. Харин 2017 оны 11 сард БНСУ-ын Чежу аралд болсон ЮНЕСКО-ийн СББӨ-ийг хамгаалах Засгийн газар хоорондын Хорооны 12-р Чуулганы үеэр Төв Азийн СББӨ-ийн баримтат кино болон фото зургийн үзэсгэлэн, таниулах арга хэмжээ зохион байгуулсан болно.