Эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа, хуучир хөгжимчин Э.Цэндсүрэн 2016 онд Монгол Улсын Консерваторийг хүндэт профессор П.Мөнгөнцэцэг багшийн удирдлага дор Хуучир хөгжмийн мэргэжлээр төгссөн бөгөөд тэрээр суралцах хугацаандаа АЖ, ТШ Л.Мөрдоржийн нэрэмжит Үндэсний хөгжимчдийн Улсын уралдааны дэд байр, МУУГЗ, ТС, Б.Шаравын нэрэмжит олон улсын Үндэсний хөгжимчдийн I,II уралдааны дэд байр, УГЖ С.Цэвэлмаа багшийн нэрэмжит хуучир хөгжимчдийн I, II уралдааны тэргүүн байрыг тус тус эзэлж, амжилтаараа тэргүүлэн “Шилдэг уран бүтээлч” оюутан өргөмжлөлийг хүртэж байв.
Монголдоо төдийгүй ОХУ-ын Красноярск хотод зохиогддог Олон Улсын Үндэсний хөгжимчдийн “Надежда-2014” уралдааны тэргүүн байр, “Хятад зохиолыг хэн сайн хөгжимдөх вэ?” анхны уралдааны тэргүүн байрын шагналыг хүртэж явсан юм.
Э.Цэндсүрэн өөрийн мэргэжил боловсролоо дээшлүүлэхээр 2016 онд Шанхай хотын Хөгжмийн Консерваторид магистрант оюутнаар элсэн суралцан удахгүй төгсөх гэж байна.
2019 оны 8-р сард Бээжин хотноо болсон БНХАУ-ын Олон Улсын залуу хөгжимчдийн 8-р уралдаанд Үндэсний хөгжмийн төрөлд олон улсын 340 гаруй хөгжимчид оролцон хүч чадал, авъяас чадвараа сорьсон бөгөөд Монгол Улсын Консерваторийн төгсөгч, хуучир хөгжимчин Э.Цэндсүрэн маань тэргүүн байр эзэлж, Алтан медаль хүртэн онцгой амжилт үзүүлсэн юм.
Энэхүү уралдаан нь залуу хөгжимчид дуучдыг дэмжих зорилгоор Сонгодог болон Үндэсний хөгжим, цөөхүүл хөгжим, дуурийн дуулаач, найрал дууны төрлөөр Олон улсын хөгжмийн холбоо зохион явуулдаг онцлогтой Хятадын томоохон уралдааны нэг юм.
П.Мөнгөнцэцэг профессор “Би шавийгаа ирээдүйд их зүйлийг хийж бүтээнэ гэдэгт итгэдэг” хэмээн шавиараа бахархан сууна.
Төрөлх сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа эрхэм төгсөгч Э.Цэндсүрэндээ сургуулийн удирдлага, багш, ажилтнууд, оюутан сурагчдынхаа нэрийн өмнөөс амжилт бүтээлийн дээдийг хүсье.
No comments:
Post a Comment