Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Профессор
Гонгорын ХАЙДАВ
/1927-2018/
МУХБ, МУАЖ Г.Хайдав 2018 оны 12-р сарын 28-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, Монголын сонгодог урлагт нөхөж баршгүй уй гашуу тохиолдсон явдалд гүн эмгэнэл илэрхийлье.
1927 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт төржээ. Бага дунд сургуулийг дүүргэж улсын хэвлэлийн үйлдвэрт үсэг өрөгч линотипчоор ажиллаж байгаад, 1948-1954 онд ЗХУ-ын Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуульд суралцаж төгссөн анхны мэргэжлийн дуурийн дуучин юм. 1961 онд БНМАУ-ын Гавъяат жүжигчин, 2006 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор тус тус шагнагджээ. Бүтээсэн дүрүүд:
Б.Дамдинсүрэн "Жаргалын зам"-Бор
Б.Дамдинсүрэн "Учиртай гурван толгой"-Юндэн Б.Дамдинсүрэн "Тэмцэл"-Балжир
Б.Дамдинсүрэн "Амарсанаа"-Манж хаан Б.Дамдинсүрэн "Мартагдашгүй 42 хоног"-Цэрэн тойн С.Гончигсумлаа "Үнэн"-Балдан
Л.Мөрдорж "Жаргал"-Суурь
Б.Дамдинсүрэн "Шивээ хиагт"-Онолт, Түмэн П.И.Чайковский "Евгений Онегин"-Ленский А.Даргомыжский "Лусын дагина"-Ван
А.Бородины "Игор Ван"-Игоревич
В.Мурадели "Октябрь"-Массальский
Ш.Гуно "Фауст"-Фауст
Дж.Пуччини "Чио Чио Сан"-Пинкертон
Б.Сметан "Худалдагдсан бэр"-Еник
Дж.Верди "Травиата" —Альфред
Дж. Россини "Севилийн үсчин" —Гүн Альмавива
1954 онд эх орондоо ирээд Дуурийн театрт 34 жил гоцлол дуучнаар ажиллаж Монголын ард түмнийг дэлхийн сонгодог урлагтай танилцуулан, дуурийн 26 гол дүр бүтээж, 400 гаруй дуу дуулж урын сангаа баяжуулсан нэрт дуучин, жүжигчин хүн байлаа.
1955 онд "Дуулаачийн студи"-г санаачлан байгуулж одоог хүртэл ХБК, УБИС, СУИС, МУК-дад багшилж дуурийн дуулаачдыг бэлтгэх, урлагийн хойч үеийг хүмүүжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан сурган хүмүүжүүлэгч багш байсан юм.
Ах дүү, үр хүүхдүүд, ач зээ нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.
Монгол Улсын Консерваторийн Захиргаа, багш, ажилтан албан хаагчид
Дуулаачийн факультетын хамт олон
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ
2018.12.28
No comments:
Post a Comment